MoB and SBG
ShareShare
18.05.2026

Швейцарын хариуцлагатай алт холбоо болон монголбанк хариуцлагатай алтны нийлүүлэлтийг сайжруулах зорилгоор хамтран ажиллав

New at Swiss Better Gold

Улаанбаатар / Таннай – 2026 оны 5-р сар 

Швейцарын хариуцлагатай алт (SBG) холбоо болон Монголбанк 2026 оны 5 дугаар сарын 4–8-ны өдрүүдэд хамтран томилолтоор ажиллаж, Монгол Улсаас Швейцар Улс руу чиглэсэн хариуцлагатай, гарал үүсэлтэй алтны нийлүүлэлтийн сүлжээг төлөвшүүлэх хамтын ажиллагаанд чухал ахиц дэвшил гаргалаа.  

Энэхүү томилолт нь лицензтэй жижиг болон дунд оврын алт олборлогчдыг олон улсын хариуцлагатай олборлолтын стандартуудыг хангах, улмаар Швейцарын хариуцлагатай алт хөтөлбөрийн хүрээнд албан ёсны экспортын зах зээлд нэвтрэхэд дэмжих зорилготой SBG болон Монголбанкны хамтын ажиллагааны нэг хэсэг юм. 

Mongolian mine

Томилолтын хүрээнд SBG–Монголбанкны хамтарсан баг Төв аймгийн Заамар сум, Булган аймгийн Бүрэгхангай сум, Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байрлах лицензтэй алтны уурхайн үйл ажиллагаануудтай танилцав. Түүнчлэн олборлолтын практик, тусгай зөвшөөрлийн байдал, үйл ажиллагааны нөхцөл, алтны гарал үүслийг мөшгөх систем зэргийг үнэлэхийн зэрэгцээ байгаль орчин, нийгэм, засаглалын стандартуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн Швейцарын хариуцлагатай алт хөтөлбөрт хамрагдах сонирхолтой олборлогчидтой газар дээр нь танилцсан юм. 

Төлөөлөгчид алтны нийлүүлэлтийн сүлжээний хэсгүүд болох Дархан аймаг дахь Үнэт металлын сорьцын лаборатори болон Монголбанкны салбараар зочлов. Түүнчлэн талууд алт арилжаалагчдын төлөөлөлтэй уулзаж, гарал үүслийн магадлан шинжилгээ болон мөшгөх тогтолцоог сайжруулах боломжуудын талаар санал солилцлоо.

Тухайн томилолтоор хоёр талын хамтран хэрэгжүүлж буй төслийн эхний бодит үр дүнг харуулсан аялал байлаа. Төслийн хувьд аль хэдийн таван алтны уурхайтай амжилттай хамтран ажиллаж хөтөлбөрийн 2-р үе шатны шалгуурыг хангуулан магадлан итгэмжлэл олгохоор ажиллаж байгаа юм. Магадлан итгэмжлэл авснаар тухайн уурхай нь Монголбанкаар дамжуулан Швейцарын зах зээл рүү нэвтрэх боломж бүрдэж, тушаасан алтны грамм тутамдаа урамшуулал авах боломжтой болох юм. Иймд тус томилолтоор хөтөлбөрт нэгдэх сонирхолтой Монгол Улсын лицензтэй жижиг болон дунд оврын алт олборлогчдыг тодорхойлж, тус салбарт хариуцлагатай олборлолтыг өргөжүүлэх бүрэн боломж, чадавх байгааг баталлаа. 

Mongolia mine

Түүнчлэн тус томилолт SBG болон Монголбанкны хоорондын институтийн хамтын ажиллагааг мэдэгдэхүйц бэхжүүлэв. Газар дээр нь хамтран ажилласнаар үйл ажиллагааны бодит нөхцөлийг харилцан ойлгож, байгууллагуудын хүлээлтийг уялдуулахын зэрэгцээ нийлүүлэлтийн сүлжээнд оролцогч олборлогчид, худалдан авагчид, зохицуулагч байгууллагуудын хоорондын итгэлийг нэмэгдүүллээ. Энэхүү хамтын ажиллагаа нь Монголын бичил, жижиг болон дунд оврын алт олборлолтыг олон улсын хариуцлагатай худалдан авалтын тогтолцоонд нэгтгэхэд чухал түлхэц болж байна.

SBG нь хариуцлагатай алт олборлолтыг тууштай хэрэгжүүлэх, мөн хөтөлбөрийн санал болгож буй арга зүйн дэмжлэг, зах зээлийн хүртээмж, нийгэм–байгаль орчныг сайжруулахад чиглэсэн урамшууллын эргэн хөрөнгө оруулалтын үр өгөөжийг хүртэх сонирхолтой бусад алт олборлогчидтой хамтран ажиллахад нээлттэй байгаагаа илэрхийлсэн юм. 

MoB and SBG

Цаашид SBG–Монголбанкны түншлэл нь урт хугацааны хамтын ажиллагаанд шилжиж, алтны гарал үүслийг мөшгөх системийг үе шаттайгаар сайжруулах, төвлөрсөн худалдан авалт болон магадлан шинжилгээний тогтолцоог бэхжүүлэх, улмаар Монгол Улсаас Швейцар Улс руу чиглэсэн хариуцлагатай, гарал үүсэлтэй алтны экспортын хэмжээг нэмэгдүүлэх нийтлэг зорилготойгоор үргэлжлэх юм. 

Институтийн манлайлал болон зах зээлд суурилсан урамшууллыг хослуулснаар энэхүү түншлэл нь олборлогчдод эдийн засгийн бодит боломж олгохын зэрэгцээ дэлхийн хариуцлагатай зах зээлийн хүлээлтэд нийцсэн, тогтвортой, ил тод, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нийлүүлэлтийн сүлжээг бий болгохыг зорьж байна. 

MOngolia mine